ADB төсөл

2015-09-08 10:54:00

ХААХХ-ийн төслийн эхний шатны хүрээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, хоршоодыг дэмжих хөрөнгө оруулалт хийх, чадавхижуулах ажлыг ЗГ-аас сонгосон 6 аймгийн 38 сумдад хэрэгжүүлж, 1,46 сая ам.доллар бүхий 176 тэтгэлэгийг 104 хоршоодод олгож, 23 төрлийн сургалтад 4,300 гаруй хүн хамрагдав.

Төслийн хүрээнд сонгон шалгаруулалтын үндсэн дээр арьс ширний салбарын 3, ноосны 2, ноолуурын 2, махны 2, сүүний салбарын 3, нийт 12 аж ахуйн нэгжид жилийн 8-11.4%-ийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацааны, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, нийтдээ 22.3 сая ам.доллар буюу 29.0 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудтай хамтран олгов. Зээл олголт нь ийм төрлийн эх үүсвэр төдийлөн олдоцтой байгаагүй 2010-2012 онд хийгдэж, зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлийг хуучирч хоцрогдсон, эрчим хүчний зарцуулалт ихтэй, бүтээмж багатай тоног төхөөрөмжийг халах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, боловсруулалтыг гүнзгийрүүлсэн шинэ дамжлагыг эзэмшихэд ашиглаад байна.

Мөн салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын техникийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Нэхмэлийн хүрээлэнд Үслэг ширхэгтийн гол тодорхойлогч төхөөрөмжийг 118,670 ам.доллар, Хувцас судлалын төвд Хүний биеийн хэмжил зүйн судалгааны 3D тоног төхөөрөмжийг 218,847 ам.доллараар тус тус худалдан авч өгсөн. Ингэснээр Нэхмэлийн хүрээлэн олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн сертификат авч, гадаадад хийгддэг лабораторийн шинжилгээг хийх боломж нээгдэж байгаа юм. Мөн Хувцас судлалын төв хүний биеийн 3 хэмжээсийн үндэсний хэмжээний мэдээллийн бааз үүсгэн, хүний биеийн хөгжлийн судалгаа хийж монгол хүний биеийн хэмжээсийн систем, стандарттай болох үндэс тавигдсан.

Уг төслийг дагалдуулан Ядуурлыг бууруулах Японы сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн Хөдөө аж ахуйн маркетинг, брэнд хөгжүүлэх техник туслалцаа (ТТ)-ны төслөөр Хаан ширхэгт гэрчлэх тэмдгийг хөгжүүлэх хүрээнд ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчийн таашаал, хэрэгцээнд нийцүүлснээр экспортыг дэмжихэд шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг тодорхойлон, жишиг ажлуудыг гүйцэтгэн, уг гэрчлэх тэмдгийн суурь үзэл баримтлал, туршилтын бүтээгдэхүүнийг салбарын олон улсын томоохон үзэсгэлэнд томоохон худалдан авагчдын дунд таниулав. Энэхүү гэрчлэх тэмдгийг Монголын Оюуны өмчийн газар, мөн Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаар дамжуулан гадаадын 32 орны оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэв. Мөн Европын 11 орны ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн судлагааг хийж, Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тодорхойлсон.

Хөрөнгө оруулалтын өмнөх жил буюу 2009 онтой харьцуулахад төсөлд хамрагдсан компаниудын нийт борлуулалт 2010 онд 29.8%, 2011 онд 81.1%, 2012 онд 2.1 дахин, 2013 онд 2.3 дахин өсчээ. Зээл авсан компаниудын нийт татвар төлөлт 2014 онд 2010 онтой харьцуулахад 2 дахин өсч, харин НӨАТ төлөлт 27.3 дахин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 11.9 дахин тус тус өссөн байна. Энэ нь компаниудын ашиг, орлого нэмэгдсэнээс гадна төсөлд хамрагдсан компаниуд татвар, тайлангаа үнэн зөв гаргадаг болсонтой мөн холбоотой юм.

Төсөлд хамрагдсан компаниудад ажлын байр нэмэгдэж, нийтдээ 1,854 ажлын байрыг бий болгож, үүнээс байнгын 1,151, түр болон улирлын чанартай 469 болон орон нутгийн болон гэрээт ажилтан 234 байна. Төсөлд хамрагдсан 12 компанийн 8 нь аймаг, орон нутагт байрладаг тул аймаг, орон нутагт нийтдээ 1,687 ажлын байр бий болжээ.

төслийг 2 дахь шатыг 2016 оноос хэрэгжүүлж дараахь үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. үүнд:

1) Төслийн 2 дахь шатанд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор нийтдээ 41,3 сая ам.долларыг жилийн 6-8 орчим хувийн хүүтэй, 7 жил хүртэл хугацаатай, эхний 3 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос ноолуур, мах, сүү, оёдол, зөгийн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн салбарын компаниудад зээлдүүлнэ.

Үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ-ийг дэмжих зорилгоор зээлийн хэмжээ нь 150 мянган ам.доллараас 3 сая ам.доллар хүртэл байна. Мөн арилжааны банкуудаар төсөл нь дэмжигдсэн боловч барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа ЖДҮ-дэд төслөө хэрэгжүүлэх боломж олгож барьцаа хөрөнгийн 40 хүртэлх хувийг батлан даах механизм бий болгож, төслийн эх үүсвэрээс 2.0 сая хүртэлх ам.долларын батлан даалтын сан үүсгэнэ.

2) Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зээл авсан компаниудын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор анхан шатны боловсруулалт явуулдаг хөдөө аж ахуйн хоршоодод техникийн туслалцаа үзүүлэх болон (iii) малчдын бүлэг, хоршоодод нэн тэргүүн ээлжинд шаардлагатай багаж хэрэгсэл нийлүүлэх тэжээлийн зах зээлийг бэхжүүлэх зорилгоор тэжээлийн аж ахуйг дэмжих чиглэлээр нийтдээ 1,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 300 мянган ам.долларын төсөвт өртөгтэй сургалтыг малчдын бүлэг, хоршоодын гишүүдэд явуулна.

3) Маркетинг, техникийн чадавхийг сайжруулах чиглэлээр төсөлд хамрагдсан компаниудын техник, технологи сайжруулах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чанар, дизайн сайжруулах зэрэг өргөн хүрээтэй ажил хийгдэнэ. Мөн ноос, ноолуур, арьс шир болон хувцас судлалын төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн техник, технологи, лабораторийг сайжруулахад 800 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ чиглэлийн хүрээнд төсөлд хамрагдагч компаниудын чадавхийг сайжруулахад зориулж 350 гаруй мянган ам.долларын сургалт хийнэ.

4) Брэнд хөгжүүлэх чиглэлээр компаниудын үйлдвэрлэдэг, олон улсын стандарт болон зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан тодорхой бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, хамтын брэнд болон өөрийн брэнд гаргах чиглэлээр хамтран ажиллаж олон улсын хэмжээний сүлжээнд хамруулах ажлыг хийнэ. Манай компаниудын гадаадын зах зээлд экспортын бүтээгдэхүүн гаргадаг туршлага багатайг харгалзан энэ ажилд маркетинг, брэнд хөгжүүлэх чиглэлийн туршлага бүхий гадаадын зөвлөхүүдийг ажиллуулж, эдгээр зөвлөхүүд үндэсний зөвлөхүүдтэй хамтран Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн давуу чанарыг хадгалсан нич зах зээлийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах, олон улсын давцанд гаргах нарийн чимхлүүр ажлыг хийхээр төлөвлөсөн.

Төслийн эхний шатны хүрээнд боловсруулсан “Монголын Хаан Ширхэгт” (МХШ) гэрчлэх тэмдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, ноос ноолуурын компаниудын бараа бүтээгдэхүүнийг МХШ брэндийн нэрийн

дор гаргах ажлыг төлөвшүүлэх ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөж байна.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.