“ГОВИЙН ДЭД БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД ХӨТӨЛБӨР”-ИЙН ТӨСЛИЙГ ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


1 сарын өмнө


Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгойн хөрөнгө оруулагч нарын хоорондын 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 4.5, 4.6, 4.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний хөгжлийн газрын захиалгаар Оюу толгой компаний дэмжлэгтэйгээр “Говийн дэд бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн төслийг Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид боловсруулж гүйцэтгэлээ.

Тус хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн оролцоотой 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдгээрийн санал, зөвлөмжийг хөтөлбөрийн төсөлд тусган ажилласан болно. Үндэсний хөгжлийн газар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын боловсруулсан тус хөтөлбөрийн төслийг хангалттай сайн боловсруулсан гэж үзэж байна.                    KWA3BaUXC6jREOv.jpgwuYJKyvul3Yk4kj.png

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, тус газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр болон холбогдох мэргэжилтнүүд, Оюу Толгой ХХК-ний Стратегийн төслүүд хариуцсан менежер Ш.Байгалмаа, мэргэжилтэн М.Халиун, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, судлаач Ц.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 4-нд Өмнөговь, 7-нд Дундговь аймагт ажиллаж, хөтөлбөрийн төслийг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, хүлээлгэн өглөө.