Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Дорноговь аймагт


3 сарын өмнө


Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 165 дугаар захирамж, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 15 дугаар тогтоолтой уялдуулан “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг боловсруулж 2019 оны 12 дугаар сард  батлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулах “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “ЖАЙКА”-ийн  Үндэсний Хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн баг, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нээж, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ЖАЙКА-гийн Төслийн багийн дэд ахлагчийн орлогч Кавамура Ёожи  нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

v8qBurjUKGWJVgr.jpg

ZFRj4dQF1COTFCD.jpg

Хэлэлцүүлгийн зорилго нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн 17 салбарын судалгааны эхний тайланг хэлэлцүүлж, орон нутгийн удирдлагууд, иргэд, бизнес эрхлэгчидтэй санал солилцож, Дорноговь аймгийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлон бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгахад оршсон юм.

UWs1PRaLHlO1ulB.jpg

Хэлэлцүүлгээр Дорноговь аймаг газарзүйн байршлын хувьд эдийн засгийн босоо чиглэлд оршиж байгаа болон БНХАУ-тай 600 гаруй км үргэлжлэх хилийн шугамаар хиллэдэг, 2 том хилийн боомттой, дэд бүтэц харьцангуй сайн  зэрэг давуу талдаа тулгуурлан дараах үндсэн 2 чиглэлээр хөгжих боломжтой гэж тодорхойлсон. Үүнд:

1. Тавантолгой – Ханги мандал чиглэлийн төмөр зам, Улсын хэмжээний мега төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Өргөн, Даланжаргалан сумдын цементийн үйлдвэр, Япон улсын хөрөнгө оруулалттай Цахиур чулуу боловсруулах үйлдвэр болон бусад ашигт малтмалд тулгуурласан олборлох, боловсруулах чиглэлийн үйлдвэрийг түшиглэн ажлын байр нэмэгдүүлэх;

2. Даланжаргалан сумын Их нартын байгалийн цогцолборт газар, Ханбаянзүрх хайрхан, Хамрын хийд, Эрдэнэ сумын Бүрдэнэ булаг гэсэн үндсэн 3 чиглэлээр дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлүүдээр хөгжих.

HPJMe5PNNusCYek.jpg

Нэгдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих дараах зорилт, үйл ажиллагааг дэвшүүлсэн:

- Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн түүнд тулгуурласан нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх,

- Хөдөө аж ахуйн эрүүл бүсийг тогтоож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн гадагш экспортлох боломжийг бий болгох,

- Сайншанд хотын хувьд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, ялангуяа боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах,

- Зүүнбаян-Ханги-Мандал, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын төслүүд дээр тулгуурлан тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх зэрэг болно. 

Мөн хоёрдугаар чиглэлийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих дараах зорилт, үйл ажиллагааг дэвшүүлсэн:

- Аялал жуулчлалын брэнд газар болох Хамрын хийдэд түшиглэсэн сүсэг бишрэлийн чиглэлийн аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэх,

- Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын хөгжүүлэх хүрээнд гадаадын жуулчдын визний асуудлыг шийдвэрлэх,

- Авто замын босоо тэнхлэгийн дагуу зорчигчдод зориулсан түр буудлах цэгийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулах,

- Дотоодын аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд үйлчилгээний газрын тоог нэмэгдүүлэх, цагийн хуваарийг уртасгах зэрэг саналыг дэвшүүллээ.

tS6rABdzpOuULAC.jpg

Хэлэлцүүлгийн төгсгөлд ҮХГ-ын Салбар хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, бүх сумдын Засаг дарга нар, тус аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн хамт олон, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч болон хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарт талархсанаа илэрхийллээ.