"Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн концессын шууд гэрээний урилга


5 сарын өмнө


Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх концессын шууд гэрээ байгуулах хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн санал ирүүлэхийг урьж байна.

Дээрх төсөлд оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь дараах шаардлагуудыг хангаж Монгол Улсын албан ёсны хэлээр төслийн саналаа ирүүлэх шаардлагатай. Үүнд:

* Авто замын стандартыг “Ангилал-Хуримтлуулагч зам, Зэрэглэл-2Б, Даац-Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, Техникийн ерөнхий шаардлага-MNS:6278-2011, Хучилтын төрөл-Хатуу” дагуу төлөвлөсөн байх; /Авто зам төсөллөх ЗЗБНБД 22-004-2016-ын 13 дугаар бүлэгт заасан Хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто замын төсөллөлтийн шаардлагын дагуу төлөвлөнө./

* Техникийн болон санхүүгийн саналыг боловсруулсан байх;

* Сүүлийн 3 жил ижил төстэй барилга байгууламж барьсан, төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвартай байх;

* Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлантай байх;

* Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрт өр төлбөргүй тухай нотлох баримттай байх /зөвхөн дотоодын хуулийн этгээдэд хамааралтай/;

* Банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай харилцагч байгууллагын тодорхойлолттой байх;

* Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /төсөлд оролцох хүсэлтэй хуулийн этгээдийн албан тоотоор тухайн шаардлагыг хангасан талаар тодорхойлолт ирүүлнэ/;

* Монгол Улсын аль нэг арилжааны банкнаас  1 000 000 000 / нэг тэрбум/ төгрөгийн төслийн саналын баталгааг 2 сарын хугацаатай гаргуулж ирүүлсэн байх. /Төслийн саналын баталгааг шаардлагын дагуу бус эсхүл ирүүлээгүй бол төслийн саналыг хүлээн авахгүйг анхаарна уу./

Дээрх шаардлагуудыг хангасан хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ төслийн саналын хамт битүүмжлэн 2019 оны 2 дугаар сарын  20-ны өдрийн 11.00 цагаас өмнө Засгийн газрын II байр Үндэсний хөгжлийн газрын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн 206 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Утас: 51-264926

Жич: Төслийн саналын баталгааг илээр ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үзүүлэх шаардлагатай тул битүүмжлэх шаардлагагүй болно.

---000---