Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв удахгүй үүд хаалгаа нээнэ

2018-11-20 10:43:00

Үндэсний хөгжлийн газрын дэргэд гадаадын хөрөнгө оруулалгчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулахаар ажиллаж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг шат дараатайгаар гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх зорилготой болно. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл;

2. Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, мэдээлэл;

3. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл;

4. Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах;

5. Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл;

6. Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх;

Нэг цэгийн үйлчилгээний төвийн оффис, түүний засал, тохижилтыг ХБНГУ-ын GIZ-ийн техникийн тусламжийн хүрээнд шийдвэрлэж байгаа бөгөөд одоогоор тохижилтын ажил хийгдэж байна.

Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, урсгал зардлын асуудлыг олон улсын болон хоёр талт байгууллагуудтай хамтарч шийдвэрлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ны өдрүүдэд БНСУ-д ажиллаж, тус улсын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг, Хөрөнгө оруулалтын газар, Гадаадын хөрөнгө оруулагчийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалж, Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Шаардлагатай санхүүжилт болон хүний нөөцийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэсэн тохиолдолд Нэг цэгийн үйлчилгээний төвийг 2018 онд багтаан нээх бүрэн боломжтой болох юм.

undefined

undefined

undefined

 

 

 

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.