Б.Баярсайхан: Гурван тулгуурт хөгжлийн бодлогод 27 зорилт багтсан

2018-03-26 14:19:00

undefined

Дотоод, гадаадын судлаачид, бизнес эрхлэгчид манай улсын гол эрсдэлийг урт хугацааны бодлогогүй,  байсан ч тэрхүү бодлого нь тогтворгүй, залгамж халаагүй байдаг хэмээн шүүмжилдэг. Үе үеийн Засгийн газрууд хөгжлийн ижил зорилготой ч  зорилгоо хэрэгжүүлэх бодлого, арга зам нь өөр байв.

Эмх замбараагүй, хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн бодлогогүй, тогтвортой, төлөвлөлтгүй байдал Монгол Улсад засаглалын, эдийн засгийн, нийгмийн хямралыг үүсгэсэн. Иймд Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Үүнд

  • Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэл,
  • Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл,
  • Иргэдэдээ эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэл тус тус багтжээ.

Энэ талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.

-“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг та бүхэн цоо шинээр боловсруулсан уу. Энэ бодлогын агуулгыг танилцуулахгүй юу?   
-Үндэсний хөгжлийн газрыг 2016 оны наймдугаар сард сэргээн байгуулсан. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд бид өмнөх хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг цэгцэллээ. Одоогоор Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр 164 бодлогын баримт баталжээ. Эдгээрийн хэрэгжилт чухал учраас хяналт тавьж ажилласан. Мөн эдгээр баримтуудад дүн шинжилгээ хийсэн юм. Ингээд хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах нь зүйтэй гэж үзэн, «Гурван тулгуурт хөгжлийн бодлого»-ыг богино хугацаанд боловсрууллаа. Монгол хүний хөгжил, тогтвортой, хариуцлагатай засаглал, эдийн засгийн өсөлт бий болгох нь бидний гол зорилго.

Өнгөрсөн сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар энэ баримтыг баталлаа.              

“Хүчээ нэгтгэе” төр ба хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг энэ сарын 28-ны лхагва  гарагт болно. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-аас энэ талаар олон нийтэд илүү дэлгэрэнгүй танилцуулна.  

-Энэ баримт бичигт тусгасан ажлуудыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Засгийн газрын хуралдаанаар баталсан тул шууд хэрэгжүүлж эхэлнэ. 2020 онд хүртэл хийх ажлууд багтсан. 44 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг бид хэдийнэ боловсруулчихсан. 2020, 2025, 2030 он хүртэл гэсэн гурван үе шатаар хөгжлийн үзэл баримтлалыг бодит ажил болгох ёстой.  

“Гурван тулгуурт хөгжлийн баримт бичиг”-ийг 2030 он хүртэлх үзэл баримтлалд нийцүүлсэн. Одоо бид 2025 он хүртэлх буюу дунд хугацааны хөгжлийн баримтыг боловсруулах ажилд орох гэж байна. Гэвч бодлогоо төлөвлөсөн ч хөрөнгө оруулалт байхгүй бол хөгжихөд хэцүү. Нөгөө талаас бодлогын төлөвлөлтгүй хөрөнгө оруулалт замбараагүй байдал үүсгэдэг.     

-Гурван тулгуурт хөгжлийн бодлого Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс ямар ялгаатай вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг нэгтгэсэн, өөр хоооронд нь уялдуулсан баримт бичиг байгаа юм. Яагаад гэвэл олон, замбараагүй баримт бичгүүд олныг баталчихсан.

Бид нийт 27 зорилт дэвшүүлсэн. Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэлд 9, хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэлд 9, иргэдэд эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэлд мөн 9 зорилт бий. 2020 он хүртэл 900 хоногийн л хугацаа үлдлээ.

-Хэрэгжилтийг нь хэн, ямар байгууллага хянах вэ?
-ЗГХЭГ. Тус газраас 27 ажлыг хэрэгжүүлэхийн тулд бүх яамд, аймгууд руу чиглэл өгч, удирдлагаар хангаж байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө бэлэн болчихсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын салшгүй хэсэг нь Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Хөрөнгө оруулах шаардлагатай 70 орчим төсөл бий. Эдгээр төслүүд 2020 он гэхэд ядаж эхэлсэн байх ёстой. Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Засгийн газартай хамтран боловсруулж байна.     

–Энэ баримт бичгийг УИХ-аар батлуулах шаардлагатай юу?
-Үгүй, Засгийн газрын түвшинд хэрэгжүүлнэ. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын баримтыг баталсан нь дараа дараагийн Засгийн газрууд ч нэгэнт төлөвлөчихсөн бодлогын дагуу л ажилладаг болгох, энэ жишгийг бий болгох зорилготой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.   

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Via Gogo News http://news.gogo.mn/r/223408





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.