Үндэсний хөгжлийн газар хөрөнгө оруулагчдад томоохон төслүүдээ танилцууллаа

2017-09-27 09:07:00

 

Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүдийг танилцуулах форумаар  Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин болон хөрөнгө оруулах боломжтой мега төслүүдийг  Үндэсний хөгжлийн газраас танилцууллаа.

2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан дэмжих зорилгоор хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал хөрөнгө оруулалтын хэмжээ, салбар байршлаас хамааран Монгол Улс хөрөнгө оруулагч нарт дөрвөн төрлийн татварын дэмжлэг үзүүлж буй юм. Хөрөнгө оруулагч 5-18  жилийн хугацаанд НӨАТ, ААНОАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээг авч болно. Мөн 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Засгийн газартай эрхзүйн баталгаа болгон татварын орчныг тогтворжуулах зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцлийг тусгасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно гэдгийг тодотгосон.
 

Үндэсний хөгжлийн газрын дарга Баярсайхан хэлэхдээ, “1990-2017 онд нийт 17 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт манай улсад орж ирсэн. Монгол Улсын хэмжээнд 13 696 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 50 орчим хувь нь буюу 6640 нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байдаг.1990-2016 онд БНХАУ-аас 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь  Монгол Улсад орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг эзэлжээ. Монгол Улс бизнесийн орчны хувьд зах зээл жижигхэн ч газар зүйн байршлын хувьд хоёр том зах зээлийн дунд оршиж байна. Мөн Япон БНСУ зэрэг том зах зээлүүдтэй ойр гэдгээрээ стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Энэхүү өвөрмөц байршил нь түүхий эдийн нөөц ихтэй Монгол Улсад аливаа эцсийн бүтээгдэхүүнийг хямд өртөгөөр үйлдвэрлэн зөвхөн хөрш орнууд гэлтгүй дэлхийн томоохон зах зээлд хамгийн дөт замаар  нийлүүлэх  боломжтой" гэв.
 

Форумын үеэр танилцуулсан Монгол Улсад нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий  төслүүдийг багцлан хүргэе.

ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ:

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамыг дөрвөн эгнээтэй цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн автозам болгон өргөтгөн шинэчлэх төсөл уг төслийн нийт өртөг нь 766 сая ам.доллар

  • 220 сая ам.долларын өртөг бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км орчим их даацын хатуу хучилттай авто замын төсөл: Эл төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций-Ханбогд-Баян-Овоо суманд хэрэгжих  бөгөөд өдөрт дунджаар нэг талдаа 400-500 автомашинаар нүүрс тээвэрлэдэг хуучин замыг Ухаа худаг” Гашуун сухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай автозам болгосноор хилийн боомт хүрэх нүүрсний экспортын тээврийн зардал тонн тутамд 8 ам.доллараар буурах бөгөөд жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний экспорт хийх боломжтой болох юм байна.

  • Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай автозамын төслийн нийт төсөвт  өртөг нь 81.5 сая ам.доллар. Энэ зам нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлэн тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээр тус тус дайран өнгөрөх юм. Монгол Улсын хил буюу Бичигтийн боомт хүрнэ. Энэ төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Үндэсний хөгжлийн газраас 2017 оны наймдугаар сарын 16-наас хоёр сарын хугацаанд зарлажээ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ:

  • Цагаан суваргын зэс молебдины уулын баяжуулах үйлдвэрийн төсөл: Төсөвт өртөг нь нийт нэг тэрбум ам.доллар.

  • Монгол Чех металл компанийн Чулуут цагаан дэлийн уурхайг түшиглүүлэн байгуулах Хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн төсөл. Төв аймгийн Баянцагаан суманд хэрэгжинэ. Нийт хөрөнгө оруулалт нь 7 сая ам.доллар. Энэ төсөл хэрэгжснээр хөрөнгө оруулалтаа хоёр жилийн хугацаанд нөхөхөөр жилийн борлуулалтын орлого нь 16.6 сая, цэвэр ашиг 5 сая ам.долларын тооцоо гарчээ.

  • Багануур үйлдвэрлэл, технологийн парк, дэд бүтцийн өргөтгөлийн төсөл:

  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл: Өмнөговь аймгийн Ханбогд сумад байгуулах, үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр түр эзэмшихээр тогтоосон бөгөөд ТЭЗҮ-г шинээр боловсруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулагчийг сонгох, холбогдох гэрээ хэлцлийг хийх бэлтгэл ажлыг хангаж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ:

  • Нүүрсийг гүн боловсруулж,  нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл: Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийг олборлож, экспортод гаргах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Мөн тус орд газарт батлагдаад байгаа 3.7 тэрбум тонн эрчим хүчний нүүрс болон 0.2 тэрбум тонн исэлдсэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нүүрсийг гүн боловсруулж, нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төсөл юм.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ:

  • Яармагийн спорт цогцолбор, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл. Хан-Уул дүүргийн 16-р хорооны 2.2 га газарт шинэ хотхон, хороолол төслийг хэрэгжүүлнэ.  Төслийн төсөвт өртөг 16.1 сая ам.доллар энэ хүрээнд нийт 210 ажлын байр 198 өрхийг орон сууцны хооролол бий болгосноор гэр хорооллын иргэдийг орон сууцаар хангах, орлогыг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

  • Аялал жуучлалын салбарт түр буудаллах цэг төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл юм.

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ:

  • Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл: Нийт өртөг нь 322.1 сая ам.доллар.

  • Монгол Ээдэмцэр кластер төсөл: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх төсөлд нийт 10 аймгийн 108 сумыг хамарсан хөдөө, орон нутагт сүүний хүргэлттэй тасаг 285, сумын жижиг үйлдвэр 50, боловсруулах үйлдвэр 5, олон улсын жишигт нийцсэн лаборатори, зориулалтын агуулах нэгийг байгуулна.

  • МАА, махны экспортын эрүүл бүс төсөл:Малын эрчимт тэжээлийн аж ахуй тэжээлийн үйлдвэр экспортын баримжаатай мал төхөөрөх үйлдвэр мал эмнэлэг, хорио цээр сорилт шинжилгээний лабораторийн цогцолбор байгуулна. Төслийн төсөвт өртөг 21 сая ам.доллар.

  • Хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулах төсөл : Хог хаягдлаас цахилгаан дулаан биодизель, хий  барилгын материал резенин эдлэл, хуванцар бэлдэц гэх мэт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломжтой . Төслийн төсөвт өртөг нь 100 сая ам.доллар.

Ийнхүү хөрөнгө оруулагчдад томоохон төслүүдээ танилцууллаа.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.