А.Мөнхболд: Эко бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнээс 4-5 дахин их үнэтэй

2017-09-20 15:42:00

 

“Монгол Улсын ногоон эдийн засагт шилжих шилжилт ба гадаад худалдааны боломж” зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболдоос манай улсын ногоон эдийн засгийн талаар тодрууллаа.

-Манай улс ногоон эдийн засгаа ямар бодолгоор хөгжүүлэх вэ? -

Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2020, 2030 хөтөлбөрийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Үндэсний хөгжлийн газар ногоон эдийн засгийн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хуралд даян дэлхийн ногоон эдийн засгийн “Пэйж” байгууллагаас төлөөлөгчид оролцож байна. Манай улсын эдийн засаг 2010 оноос буурсан. Үүнийг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байсантай холбоотой гэж эдийн засагчид дүгнэдэг. Эдийн засгийг солонгоруулах, олон төрөлтэй болгох, тэр дундаа хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Манай орны хувьд байгалийн тогтоц зэргээс шалтгаалаад ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломж их байдаг. Хөдөө аж ахуйг хөгжүүлье, тэр дундаа дэлхийд үнэлэгдэх бүтээгдэхүүн гаргая гэвэл ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийгээ дэлхийн зах зээлд гаргах. Үүнийг хэрэгжүүлэхэд судалгаа хэрэгтэй. Одоогоор судалгаагаа эхлүүлээд байна.

Энэ нь хоёр дахь уулзалт. Эхний уулзалт энэ оны тавдугаар сарын 29, 30-нд болсон. Уг уулзалтаар хөдөө аж ахуйн салбар ногоон эдийн засагт чухал үүрэгтэй юм байна гэж үзсэн. Бидэнд ногоон эдийн засгийг хөгжүүлэх маш том боломж бий. Гэхдээ ямар бүтээгдэхүүнийг ямар зах зээлд гаргахыг хэн ч мэддэггүй. Энэ салбарын нэр томъёоны тогтсон нэршил ч бидэнд байдаггүй. Олон улсад органик, био, эко гэж чухам ямар бүтээгдэхүүнийг нэрлэдэг, түүнд тохирсон бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн зах зээлд нийлүүлэх нь бидний зорилго.

-Судалгааны хүрээнд орон нутгийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг борлуулахад туслах уу? -

Судалгаа маань хэд хэдэн шаттай. Манай улсын ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломжийг тодорхойлно, хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн хүрээллийг тогтоох. Эко бүтээгдэхүүн нь бусад бүтээгдэхүүнээс 4-5 дахин их үнэтэй байдаг. Тэр хэрэглэгчдийг олно гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд орон нутагт байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бүртгэж байгаа. Татварын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр ойролцоогоор 6000 үйлдвэр бүртгэнэ. Тэр үйлдвэрүүд хаана байрладаг, материалаа хаанаас авдаг, ямар технологиор бүтээгдэхүүнээ боловсруулдаг, хаана зардаг зэрэг бүх мэдээллийг цуглуулна. Энэ мэдээлэлдээ үндэслээд борлуулалтаар нь бид тэднийг дэмжинэ. Ингэхдээ бид эко бүтээгдэхүүн борлуулдаг цахим сүлжээнд холбогдоод тухайн бүтээгдэхүүнийг борлуулж өгөх юм.

-Судалгааг гаднын байгууллагатай хамтран хийж байгаа гэсэн. Үр дүн хэзээ гарах вэ? -

Судалгааны үр дүн энэ оны сүүлээр гарна. Энэ үр дүнд тулгуурлан бодлогын хувьд юу хийх нь тодорхой болно. Бид 330 суманд судалгаа хийж байгаа. Үүгээр хаана ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл зохимжтой гэдэг тодорхой болно. Харин 6000 үйлдвэрийн судалгаа ирэх оны нэгдүгээр улирал гэхэд дуусна. Энэ бүхнээс дүгнэлт хийн одоо хуралд хүрэлцэн ирсэн хандивлагч байгууллагууд руу жишиг төсөл явуулна.

Shuud.mn Р.Ренчиндулам





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.