"Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт-2"

2017-05-29 09:22:00

 “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах зорилгоор “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт-2”-ыг Үндэсний хөгжлийн газар болон Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтанд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, бодлогын яамдуудын төлөөлөл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ирж оролцож байна.

Уг уулзалтаар Үндэсний хөгжлийн газраас НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулсан Монгол улсын 330 сумын хөгжлийн индексийг тооцоолох аргачлал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн явуулах, боловсруулах үйлдвэрийн салбарын  судалгаа, тооллогыг хийх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ.

“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-тай уялдуулан боловсруулсан Орон нутгийн хөгжлийн индексийг тооцох аргачлал нь орон нутгийн хөгжлийн загварыг тодорхойлж, орон нутагт хийх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд бүх салбар, орон нутгийн мэдээллийг нэгтгэж түүнд үндэслэн Хөгжлийн бодлого төлөвлөгч нарыг нэгдсэн мэдээллээр хангах, хөгжлийн урт хугацааны зорилтуудын хоорондын уялдаа холбоог хангах, хүрэх түвшинг хянах цогц системийг бий болгож байна.

Мөн боловсруулах үйлдвэрийн салбарын  судалгаа, тооллогыг хийх бэлтгэл ажлыг хангаад байна. Энэхүү тооллогыг хийж гүйцэтгэснээр Үндэсний аж үйлдвэрийг технологи, дэд бүтэц, логистик, борлуулалт, хүний нөөц болон санхүүгийн төрөл бүрийн арга хэрэгслээр дэмжих боломж бүрдэх юм.

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.