Авто замын төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

2017-02-08 09:38:00

Огноо: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр

            Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.

            Уралдаант шалгаруулалтад оролцох санал гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;

  2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх /авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/; 

  3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх /Оролцох санал гаргагч нь авто зам барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/.

  4. Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /Ерөнхий шаардлага/.

            Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 3-аас дээшгүй оролцогчийн дарааллуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

            Уралдаант шалгаруулалтад зөвхөн нэг хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг холбогдох журмын дагуу үнэлж шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

            Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

            Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.

            Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын болон санал үнэлэх журам”-ын дагуу зохион байгуулна.

            Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь  оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ болох 300,000 төгрөгийг Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Төрийн сан дахь 100900008053 дугаар дансанд тушаасан баримтын хамт ирүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг олгоно. /Регистр: 6098177/

            Гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь төслийн саналаа гадаад хэл дээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргасан байна.

            Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газарт гэж хаяглан ирүүлнэ үү.

            Төслийн саналыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагаас өмнө Үндэсний хөгжлийн газрын 206 тоот өрөөнд хүлээн авна.

            Холбогдох утас: 976-51-264926, Цахим шуудан: sodbayar.g@nda.gov.mn

 

---000---

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.