Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад газрын дарга Б.Баярсайхан илтгэл тавилаа

2016-12-02 16:28:00

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт өнөөдөр амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын хөгжлийн түнш 20 орны Элчин сайдууд болон удирдах албан тушаалтнууд, 19 олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийг тогтворжуулах бодлого, арга хэмжээний тухай илтгэл тавьж, мөн ОУВС, болон НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Дэлхийн банкны төлөөлөгч нар илтгэл тавьсан юм. Харин зөвлөлдөх хуралдааны үдээс хойш Хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлууд, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах сэдвээр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан илтгэл тавьж, албаныхан хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлын талаар тодорхой хэлэлцэв. Мөн түүнчлэн хөгжлийн түншүүд хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагааны талаар болон бизнесийн орчинд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтын хоёрдугаар хэсэгт Засгийн газрын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин хамтран ажиллах талаар санал солилцож, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд Засгийн газраас эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлогын хүрээнд хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах салбар, чиглэл, хүрээг тодорхойлов. Хөгжлийн түншүүд Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг илэрхийлж Монгол Улсын Засгийн газар, хөгжлийн түншүүд хамтарсан мэдэгдэл гаргалаа.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.