Орон нутгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна

2016-11-18 15:47:00

Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж буй орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Гурван хоног үргэлжлэх тус уулзалтын үр дүнд “Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт”, “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөнд анхаарах асуудлууд” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хөгжлийн бодлого төлөвлөгчид ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх гэнэ.  Монгол улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын болон орон нутгийн хөгжлийн уялдааг хангах, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тус уулзалтын зорилго аж.

undefined

Энэхүү орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын талаар Үндэсний хөгжлийн газрын судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболдоос тодрууллаа.

-Энэхүү хурлаар орон нутгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна. Таны бодлоор улс орон хөгжихөд ямар бодлого хэрэгжүүлбэл зохилтой гэж та харж байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн жил хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай болсон. Харин энэ жил Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг бодлогын баримт бичигтэй боллоо. Энэ баримт бичгийг гаргахдаа НҮБ-ээс 2015 онд гаргасан Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд хэмээх баримт бичгийг үндэслэн боловсруулсан юм. Бидний боловсруулсан энэхүү баримт бичгийн хүрээнд орон нутгийн болон их хурлын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гаргасан хэрэг. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөгч нарын тухайн орон нутгаа хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь нэлээд хүмүүнлэг тал руугаа хандсан байх байхаа. Дэлхийн эдийн засаг ч илүү хүмүүнлэг болсон байна. НҮБ-аас баталсан хөгжлийн зорилтуудыг хараад байхад нийгэм, байгаль орчны шинжтэй томоохон зорилтуудыг оруулсан нь анзаарагддаг. Тиймээс манай улс ч гэсэн Дэлхийн жишгийг дагах хэрэгтэй гэж боддог.

-Манай улсын нийгмийн байдал, хөгжлийн төвшин, байгаль экологийн асуудал зэрэг нь дэлхийн хөгжлийн бодлогын зорилтыг дагаж хэрэгжүүлэхэд хэр боломжтой асуудал юм бол оо?

-Манай улс дэлхийн нэг хэсэг учир энэ нь боломжтой зүйл юм. Хамгийн гол нь Засаг дарга нар төсвийн асуудал, мөрийн хөтөлбөр зэргээ энэ бодлогод нийцүүлэх нь чухал.

-Энэ хурлаар хэлэлцэж буй асуудлын нэг нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтыг олгох  гэсэн байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа талаар яриач?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улс нэлээд их алдаж оносон. Түүний нэг асуудал нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг хянах явдал юм. Тэднийг дэмжиж байна гээд мөнгө өгөөд байдаг. Огтхонч хөгждөггүй. Тиймээс энэ асуудлыг өөр өнцгөөс нь харж хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Өмнө нь томоохон аж ахуй нэгжүүдэд жижиг дунд бизнесийн санхүүжилт өгдөг байсан. Тэдгээр нь өөрсдийн урсгал зардалаа нөхөх замаар ажлаа хийдэг. Мөнгөө төлөөд байгаа болохоор банкинд тэдний үйл ажиллагаа сайн харагддаг. Гэвч төрөөс чиглэх үйл ажиллагаа нь дутагдаад байдаг. Тиймээс ирэх дөрвөн жилд бид илүү хяналттай ажиллана. Санхүүжилтийг хэрэгцээтэй хүнд нь өгч үр дүнг гаргахыг хичээнэ.

НҮБ-аас баталсан хөгжлийн зорилтуудыг хараад байхад нийгэм, байгаль орчны шинжтэй томоохон зорилтуудыг оруулсан байдаг. Манай улс ч гэсэн Дэлхийн жишгийг дагах хэрэгтэй.

-Аливаа нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд олон болоод, зарим салбарын үйлдвэрүүд дутагдаад байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тийм ээ. Энэ асуудлыг хүн бүр яридаг. Зэргэлдээ хоёр аймаг хоёулаа цементний үйлдвэр төлөвлөсөн байх тохиолдол гарсан. Тиймээс бүс нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн  уялдаа холбоог сайжруулах ажлыг нэн тэргүүнд тавина. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтыг олгохдоо ач холбогдлыг харгалзаж үзнэ.

Тус уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Монгол Улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын суурин төлөөлөгч, хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман, GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал доктор Ш.Ханселмани болон бусад албаны төлөөлөгчид оролцож байна. Ийнхүү хуралд оролцож буй нэгэн төлөөлөгчтэй уулзлаа.

-Сайн байна уу. Та ямар аймгийг төлөөлөн уг хуралд оролцож байна вэ?

-Би Дундговь аймгаа төлөөлөн оролцож байна. Тус аймгийн  Засаг даргын орлогч дарга Ж.Мөнхчулуун гэдэг хүн байна.

-Танай аймаг ирэх дөрвөн жилд орон нутгаа хөгжүүлэх тал дээр ямар ажлууд хийх гэж байна вэ?

-Ирэх дөрвөн жилд манай аймаг үндсэн дөрвөн салбартаа түлхүү анхаарах зорилт тавин ажиллаж байна. Үүнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхай гэсэн чиглэлүүд багтаж байгаа. Эдгээр салбарт анхаарч ажилласнаар манай аймагт ажилгүйдэл багасч, айл өрхийн орлого нэмэгдэж, амжиргааны төвшин сайжирна гэж үзэж байна. Мөн сургууль, цэцэрлэг эмнэлгийн барилгатаа анхаарч, орчинг сайжруулахыг хичээнэ.

-Жижиг дунд үйлдвэрлэл болон бусад салбартаа яг ямар ажлуудыг хийхээ дэлгэрүүлэн яриач?

-Аймагтаа шинээр 21 жижиг дунд үйлдвэрийг байгуулна. Эдгээр үйлдвэрүүд нь бүгд өөр чиглэлийнх байхаар төлөвлөсөн.

-Аймгийн хөгжлийг төлөвлөгчийн хувьд орон нутагтаа нэн тэргүүнд юу шаардлагатай байна гэж хардаг вэ?

-Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв гэдэг төрийн бус байгууллагаас явуулсан судалгааны дүнд манай аймаг сүүлийн гурван жил  өрсөлдөх чадвараараа хамгийн сүүлийн байранд жагссан. Энэ асуудлыг урьтаж анхааралдаа авч ажиллахыг зорьж байна. Ингэхийн тулд “Нэг говь, нэг зорилго” уриан дор говийн гурван аймгийн уулзалтыг зохиосон. Үүний үр дүнд говийн гурван аймаг хамтарч хөгжихөөр болоод байна. Аялал жуулчлалын маршрутыг харсан ч тэр энэ зөв шийдэл мэт санагддаг.

Эх сурвалж: www.eagle.mn

Б.Болор-Эрдэнэ





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.