Арбитрийн хуулийг шинэчилснээр хөрөнгө оруулалт татна гэв

2016-11-15 16:43:00

undefined

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын онцлох өөрчлөлтүүдийн талаар ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.

-Арбитрын хуулийг яагаад шинэчлэх шаардлагатай гэж үзсэн юм бэ?

- Энэ хуулийг шинэчлэн найруулах хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүнд 1985 онд боловсруулсан Загвар хуульд 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Загвар хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг зүйл, заалтаар эсхүл нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуулийг бүхэлд нь нутагшуулан батлах талаар гишүүн улсууд анхаарал хандуулж үндэсний хууль батлах,  шинэчлэн батлах талаар уриалсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна. Тус жагсаалтад бүртгэгдэх нь эрх зүйн маргааныг арбитрын журмаар шударгаар, үр нөлөөтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, олон улсын стандартад нийцүүлэн арбитрын ажиллагааг явуулдаг, бизнес эрхлэхэд таатай улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөх ач холбогдолтой. Олон улсын шилдэг туршлагатай нийцүүлэн арбитрын эрх зүйн орчныг шинэчлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах талаар Засгийн газраас гаргаж байгаа хүчин чармайлтын нэгэн чухал илэрхийлэл болно.

-Арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байна гэдэг. Энэ талд ач холбогдолтой болжээ гэж ойлгож болох уу?

- Маргааныг хараат бус, бие даасан бүрэлдэхүүн шуурхай, зардал багатайгаар, шударга шийдвэрлэх арга болохыг хүлээн зөвшөөрч, арбитрыг ашиглахыг хөхиүлэн дэмжих шаардлагатай байна. Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргыг өргөн хэрэглэх нь шүүхийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхийн ачаалалд нөлөөлсөн байдалд хийсэн дүн шинжилгээнд дурьдсанаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын дүнд шүүхийн ачаалал 2013 онд 3,3 хувь, 2014 онд 3,7 хувиар буурсан байна. Гэтэл 2015 он, 2016 оны эхний найман сарын байдлаар иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоо МҮХАҮТ-ын дэргэдэх МОУҮ Арбитраар шийдвэрлэсэн хэргийн тооноос даруй 350 дахин их байна. Энэ нь арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрын хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна.Маргаан шийдвэрлэх үр дүнтэй бөгөөд найдвартай механизмаар хангах, дотоод, гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх, биелүүлэх явдлыг хангаснаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль зүйн орчин бий болгоход чухал хувь нэмэр оруулна.

 -Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар онцлох зохицуулалт байна вэ?

-Одоогийн хуульд бүрэн тодорхойлоогүй байсан зарим зохицуулалт энэ хуулийн төслөөр тодорхой болж байгаа. Тухайлбал 2003 оны хуульд тусгасан арбитрын хуралдаан болох газар гэсэн томъёололыг арбитрын ажиллагааны харьяалал гэж өөрчилсөн. Учир нь арбитрын ажиллагаанд үйлчлэх эрх зүйн хүрээг тодорхойлдог гэсэн агуулга илэрхийлж байгаа юм.Мөн арбитрын хэлцлийн хэлбэр, тодорхойлолтыг өргөн хүрээнд томъёолсон.Арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээтэй холбоотой шинэ зохицуулалтууд тусгасан. Тодруулбал, арбитрын шийдвэр бодит байдал дээр хэрэгждэг байх нөхцөлийг хангах хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах, зардал, хохирлыг нөхөн төлүүлэх, талуудаас тодорхой мэдээлэл шаардах зэргийг дурьдаж болно. Түүнчлэн Арбитрын бүрэлдэхүүн, арбитрчийг томилохтой холбоотойгоор аливаа этгээдийг тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглосон хууль байгаа бол тухайн этгээд арбитрчаар томилогдож болохгүй байх зохицуулалт тусгагдсан. Хуулийн төслийг дагалдан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Дагаж өөрчлөгдөж байгаа хуулиудад шүүхийн бус аргаар шийдвэрлэж болох зарим маргааныг зөвхөн шүүх шийдвэрлэдэг байхаар зохицуулсан байсныг "маргааныг шүүхээр, эсхүл талууд харилцан тохиролцсон бол арбитраар шийдвэрлүүлэх"-ээр сонгож болох тухай нэмэлт, өөрчлөлтүүд юм.

Эх сурвалж: www.zuv.mn





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.