Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл байгуулна

2016-09-19 14:38:00

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өчигдөр /2016.09.16/ Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуенийг хүлээн авч уулзав.

undefined

Уулзалтын эхэнд ноён Туен Нгуен өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, Дэлхийн банк болон түүний гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацитай нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.  Түүнчлэн Монгол Улсад тохиосон эдийн засгийн  хүндрэл бэрхшээл 18-24 сарын турш үргэлжлэх төлөвтэй байгааг дурдаад ийм үед одоо хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө амжилттай төлөвлөх нь хямралаас гаргахад чухал үр нөлөөтэйг онцлов. Үүний тулд нэгдүгээрт, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны шинэчлэлийн төслөө үргэлжлүүлж, ойрын хугацаанд дуусгах санал тавилаа. Хөдлөх хөрөнгийг барьцаалах боломжтой болсноор жижиг, дунд бизнест томоохон дэмжлэг болж, Хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай хуулийн зорилт амжилттай хэрэгжинэ гэж үзэж байгаа юм. Энэ чиглэлээр талууд сургалт, сурталчилгааны ажилд багагүй анхаарал хандуулсан бөгөөд одоо барьцаалах хөдлөх хөрөнгийг бүртгэх мэдээллийн сан байгуулах ажил үлдээд байгаа юм. Олон улсын санхүүгийн корпорациас энэ чиглэлийн төслийг Хятад, Вьетнам зэрэг 30 гаруй улсад амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. Түүнчлэн Туен Нгуен Дампуурлын эрх зүйн орчинг сайруулах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв. Эдийн засаг хүндэрч, банкны чанаргүй зээлийн хэмжээ өссөн учраас зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, үхмэл хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Дампуурлын тухай хуулийг1997 онд баталсан. Уг хуулийг  зайлшгүй шаардлага байна гэв. Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав. Одоогоос хоёр жилийн өмнө Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар тухайн үеийн Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлээс болж гадна дотны хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дайжсан болохыг тогтоожээ. Тиймээс хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах, эрт илрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын зах зээлд дээшлүүлэхэд анхаарч, Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Тиймээс үүнд дэмжлэг үзүүлэхийг ХЗДХ-ийн Дэд сайдаас хүслээ. Дэд сайд Б.Энхбаяр “Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай урьд нь хамтран ажиллаж ирсэн арвин туршлага бий” гэлээ. Тэрээр шинэ Засгийн газар бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг нэг тэргүүлэх чиглэлээ болгож байгааг онцлоод тэр дундаа ХЗДХЯ-ны тэргүүлэх дөрвөн зорилтын хамгийн эхэнд энэ асуудал эрэмбэлэгдсэн болохыг танилцуулав. Ноён Туен Нгуений дэвшүүлсэн гурван саналыг талархан хүлээн авч байна гэв. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн захиргааны болон хуулийн байгууллагатай холбоотой санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий ХЗДХ-ийн сайдын ахалсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг ч Дэд сайд тодотгов. Тэрээр Монгол Улсын Засгийн газар тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд анхаарч, үүнд мэргэшсэн хууль, эрх зүйн чадвартай боловсон хүчин бэлтгэх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулах талаар хамтран ажиллахад бэлэн байна гэв. Мөн Дампуурлын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх зорилт тавьж, байгааг мэдэгдэв. ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр хамгийн тулгамдсан яаралтай шийдвэрлэх ёстой асуудал бол Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд хэдийгээр төсөв санхүү хүндхэн байгаа ч мэдээллийн бааз, тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлаас шалтгаалан зургаан сар хойшлогдоод байгаа уг хуулийн бэлтгэлийг хангахад хамтран ажиллахаар тогтов. Түүнчлэн ирэх намрын чуулганаар Улсын Бүртгэлийн Ерөнхий хууль, Иргэний Бүртгэлийн хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль гэсэн гурван цогц хуулийн төслийг хэлэлцэн баталснаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан  "Нэг иргэн-Нэг бүртгэл" зорилт амжилттай хэрэгжихийг онцоллоо.         

ЭХ СУРВАЛЖ: WWW.NEWS.MN

Г.ХОРОЛ





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.